Дакар ралли-2026: Монгол тамирчид марафон гарааны дараа байрлалаа хадгалж байна

Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй “Дакар ралли-2026” уралдааны зургаа дахь гараа өнөөдөр эхэлнэ. Монголын тамирчид мотоциклийн төрөлд амжилттай оролцож, уралдааны хамгийн хүнд үе болох марафон гарааны дараа байрлалаа хадгалж чадлаа. Марафон гараа нь хоёр өдрийн турш үргэлжилж, нийт 1000 орчим километр замыг туулсан бөгөөд хээрээр хоноглох онцлогтой юм. Энэ үеэр олон тамирчин тэмцээнээс хасагдсан байна.
Гавьяат тамирчин Э.Халиунболд нийлбэр дүнгээр 11-р байр, “Ралли-2” ангилалд тавдугаар байрт орж, дэлхийн шилдэг багуудын үйлдвэрийн тамирчидтай өрсөлдөж, Монголын түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нийлбэр дүнгээр 38 дугаар байр, “Ралли-2” ангилалдаа 28 дугаарт жагсаж байна. Түүний мотоциклд техникийн асуудал гарсан ч тэсвэр тэвчээртэйгээр уралдаанаа дуусгаж, байрлалаа хадгалж чаджээ. “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан марафон гараа нь тамирчдаас хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан уралдаан байсныг онцолсон байна.
П.Мөрөн уралдааны дараа “Ухаан алдатлаа онхолдлоо. Гэхдээ байдал маань дажгүй байна. Шатахууны хойд банк ажиллахаа больсон тул усны савны соруулаар шатахуунаа урд банкаасаа хойд банка руу шилжүүлж, барианд орж чадсан. Дөрөв, тав дахь гараа үнэхээр сонирхолтой байлаа. Тусалж дэмжсэн монгол ахан дүүс болон ивээн тэтгэсэн байгууллагуудад талархал илэрхийлье” гэж ярьжээ.
Өнөөдрийн зургаа дахь гараа Хайль хотоос Эр-Риядын зүг 920 километр замыг туулна. Үүнээс уралдааны цаг тооцох хэсэг нь 331 километр бөгөөд замын 15 хувь нь хатуу шороо, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан байна.
