Ерөнхий сайд татварын албаны удирдлагуудын гадаад аяллын асуудлыг шалгаж, хариуцлага тооцохыг үүрэг болгов

2026-01-09 15:311min
20260109-153114-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн татварын газар болон хэлтсийн удирдлагуудын гадаад аяллын асуудлыг шалгаж, хариуцлага тооцохыг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. Татварын албанд шинэчлэл хийх шаардлагатайг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай уулзаж, нийслэлийн татварын газар болон хэлтсийн удирдлагуудын аялал, зугаалгын асуудлыг тодрууллаа.

Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран хэлэхдээ, Дубай явах арга хэмжээнд нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга, албан хаагчдыг оролцуулахыг хориглосон бөгөөд үүнийг биечлэн мэдэгдэж, үүрэг болгосон ч албан хаагчид уг аялалд оролцсон мэдээлэл дараа нь илэрсэн гэв. Мөн гадаад явсан алба хаагчид одоогоор Монголд ирээгүй байна гэж тайлбарлалаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын албанд шинэчлэл хийх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тэрбээр иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, чирэгдэл багатай, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байгааг онцолж, хариуцлагагүй зарим хүмүүсийн үйлдлээс болж төрийн албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлж болохгүй гэдгийг санууллаа.

Иймд Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранд үүрэг болголоо. Мөн шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, зарчимтай, дэг журамтай татварын албыг бий болгохыг даалгалаа.