Энхтайвны гүүрийг өргөтгөх, хүчитгэх төсөлд ₮1.5 тэрбум төсөвлөжээ

2026-01-06 17:011min
20260106-170123-file.jpeg
1958 онд баригдсан Энхтайвны гүүрийг өргөтгөж, хүчитгэх зураг төслийг боловсруулахад ₮1.5 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд "ДБЭТ" компани зураг төсөл боловсруулах тендерт шалгарчээ.

1958 онд БНХАУ-ын тусламжаар баригдсан Энхтайвны гүүрийг энэ онд өргөтгөж, хүчитгэхээр төлөвлөж байна.

Гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажлын зураг, төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний нийт төсөв ₮1.5 тэрбум бөгөөд энэ онд 397.3 сая төгрөгийн дамжуулах төсөв батлагдсан байна.

Энэхүү зураг төсвийг боловсруулах тендерт “ДБЭТ” компани шалгарчээ.

“ДБЭТ” компанийн ерөнхий инженер Э.Тодгэрэлийн мэдээлснээр, Энхтайвны гүүр нь Т хэлбэрийн дам нуруу, өлгөмөл дам нуруутай бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гүүрний явган хүний зам доогуураа хөндий бүтэцтэй юм.

Гүүрэн дээгүүр суудлын автомашин болон нийтийн тээврийн автобус зорчих боломжтой ч гүүр динамик хөдөлгөөн буюу чичиргээнд өртдөг тул 30-40 тоннын даацын машин зорчиход эвдрэл үүсэх эрсдэлтэй байна.

Мөн гүүр нь усны нөлөөгөөр эвдэрч байгаа тул их засвар хийхдээ өндөр зэрэглэлийн ус тусгаарлагч ашиглан 15-20 жилийн баталгаа бүхий засвар хийхээр зураг төслийг боловсруулж байгаа ажээ.