Улаанбаатар хотод трамвай төсөл хэрэгжиж, зорчих хугацаа багасна

2026-01-06 14:011min
20260106-140124-file.jpeg
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчих боломжтой болох бөгөөд нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргана.

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн бүтцийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус төсөл нь хотын босоо тэнхлэг дагуу хоёр шугам, хос замтайгаар байгуулагдах юм.

Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм.

Төслийн эдийн засгийн үр ашгийг 2040 он хүртэл тооцоход, замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг өдөрт нийт 99.22 сая ам.доллароор бууруулах боломжтой гэж үзжээ.

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр автобусны богино эргэлт сайжирч, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх нөхцөл бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэхээр төлөвлөгдсөн байна.

Трамвай таван минут тутамд эргэлдэж, Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут, Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчих юм.

Энэхүү төсөл нь хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг багасгах, нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бий болгох ач холбогдолтой.

Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэнэ.