Монгол орны ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-01-05 07:001min
20260105-070036-file.jpeg
Цаг уурын байгууллагаас 2024 оны нэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд хур тунадас, салхи, агаарын температурын талаарх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны нэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд Монгол орны цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Хур тунадасны хувьд, 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Улз, Халх голын сав газарт цас орно. 7-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр бага зэрэг цас орох төлөвтэй байна. 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэхээр байна.

Агаарын температурын хувьд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус хүйтэн байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус байна. Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.