Засгийн газар 2026 оноос тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

2026-01-04 17:001min
20260104-170050-file.jpeg
Засгийн газар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нэмэгдэл нь 524.7 мянган тэтгэвэр авагчид адил тэгшээр хамаарна.

Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, уг нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтов.

2026 оны эхний өдөр 524.7 мянган тэтгэвэр авагчид 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт цаг хугацаанд нь бүрэн олгосон байна.

Тэтгэврийн нэмэгдэл нь өндөр настны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон тахир дутуугийн тэтгэвэрт хамрагдаж буй иргэдэд адил тэгшээр үйлчилж байгаа бөгөөд иргэдийн амьжиргааны түвшнийг хамгаалах, инфляцын нөлөөг бууруулах зорилготой гэж холбогдох албаныхан мэдээлэв.

Мөн тэтгэврийн санхүүжилтийг саадгүй, тогтвортой олгохын тулд улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөлтийг бодит нөхцөлд нийцүүлэн хийсэн байна.

Цаашид тэтгэврийн бодлогыг шат дараатайгаар шинэчлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд Засгийн газар анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Энэхүү нэмэгдэл нь ахмад настнуудын худалдан авах чадварыг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэхээр байна.