Чингэлтэй дүүрэгт булгийн усны халил үүсч, Онцгой байдлын алба арга хэмжээ авч байна
2026-01-04 12:001min

Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороонд газрын хөрснөөс нэвчин гарсан булгийн усны халил үүсч, айл өрхийн хашаанд ус орж мөстөн, зорчиход хүндрэл үүссэн тул Онцгой байдлын алба шуудуу гаргах, мөс цэвэрлэх зэрэг арга хэмжээ авч байна.
Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч, халиа тошин үүссэнээр айл өрхийн хашаанд ус орж мөстөн, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Тус дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу Онцгой байдлын хэлтсээс 2 алба хаагч, 1 автомашинтайгаар, мөн дүүргийн “Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 2 албан хаагч, 1 машин механизмыг дайчлан ажиллуулж байна.
Ажиллах арга хэмжээний хүрээнд айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, шуудуу гаргах, нийтийн эзэмшлийн мөсийг ачиж тээвэрлэх, шороон далан босгох зэрэг хойшлуулшгүй арга хэмжээг авч байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.
