Монгол Улсын Их Хурал сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх туршлагатай танилцлаа

2026-01-03 19:021min
20260103-190253-file.jpeg
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нар Чингэлтэй дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өрхийн түвшинд нэвтрүүлэх сайн туршлагатай танилцаж, холбогдох журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн хамт 2026 оны нэгдүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч Г.Ууганжаргалынд зочилж, сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх сайн туршлагатай танилцлаа.

Улсын Их Хурлын тогтоолоор айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар дэмжиж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх гурван чиглэл бүхий арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан байна. “100 мянган нарны гэр” хөтөлбөрийн хүрээнд айл өрхүүдэд аюулгүй, найдвартай цахилгаан хангамжийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах зорилт тавьжээ.

Нийслэлийн 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд тогтоолын дагуу өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох боломжтой болж байна. Тухайлбал, 20 кВт хүртэлх нарны хавтан болон батарейн системийг төвийн сүлжээнд холбох журам хялбаршуулснаар илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж, орлого олох боломжтой болжээ. 10 мянган айл 5-10 кВт-ын нарны панель, батарей суурилуулснаар 50-100 МВт хүчин чадал бүхий шинэ эх үүсвэр бий болох тооцоо гарсан байна.

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Ууганжаргал нь хоёр жилийн өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, өрхийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр бүрэн шийдсэн туршлагатай. Тэрбээр одоо нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, илүүдэл цахилгаанаас орлого олж байна.

Г.Ууганжаргал түлшинд дугаарлахгүй, тог тасрахгүйгээр дулаан өвөлжиж байгаагаа онцолж, сар бүрийн цахилгааны зардал эрс багассан, хэмнэлттэй шийдэл гэдгийг хэлэв. Ийм туршлагатай 68 өрх Чингэлтэй дүүрэгт сэргээгдэх эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх эрхтэй болж буйг УИХ-ын дарга онцоллоо.

“Иргэнээ хүнд суртлаас ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд нийлүүлэх журмыг хялбаршуулж, өмнө нь нэг жил хүлээлгэдэг байсан 14 шат дамжлагатай процессыг цэгцэлжээ. Энэ жишгээр төрийн хүнд суртлыг арилгаж, иргэдэд олон талт боломж олгох замаар Чингэлтэй дүүрэгт ногоон “Sandbox” орчныг нэг сарын дотор бүрдүүлэхээр зорьж байна.

Цаашид УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд иргэдэд хялбар, эдийн засгийн дарамтгүй санхүүжилтийн шийдлийг нэвтрүүлэхэд олон улсын байгууллагууд болон арилжааны банкуудтай хамтран ажиллах юм байна.