Туулын хурдны замын бүтээн байгуулалт 2026 онд эхэлнэ

2026-01-03 18:021min
20260103-180251-file.jpeg
Улаанбаатар хотод 2026 онд Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, 32 км урт, зургаан эгнээтэй зам баригдахаар төлөвлөгдсөн байна. Барилгын ажил гуравдугаар сард эхэлж, хөдөлгөөнийг 2027 онд нээх юм.

Улаанбаатар хотод 2026 оны дулааны улиралд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам юм. Энэхүү зам нь Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 32 километр, зургаан эгнээ, долоон орц гарцтай байх юм.

Одоогийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай явагдаж байна. Төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болсон байна.

Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар оролцсон бөгөөд үүнээс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны эхний улиралд багтаан хийхээр төлөвлөж, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулж байна.

Туулын хурдны замын барилгын ажлыг 2026 оны гуравдугаар сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ төсөл нь нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, замын түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулахад стратегийн ач холбогдолтой юм.

Зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.