Ерөнхий сайд Эд нийцлийн лаборатори байгуулах санхүүжилтийг шийдвэрлэв

2026-01-03 17:021min
20260103-170247-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ. Лаборатори нь эрхтэн шилжүүлсний дараах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай 2 тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ.

Эд нийцлийн лаборатори нь донор болон өвчтний эдийн тохиролцоог шалгаж үнэлэх, эрхтэн шилжүүлсний дараах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэхэд чухал үүрэгтэй юм.

Тус лабораторид ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Улсын II төв эмнэлэг Эд нийцлийн лабораторитой болсноор элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ гүйцэтгэж, улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийг бууруулах боломж бүрдэж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар эрхтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад нийт 1094 өвчтөн байгаагийн 683 нь бөөр, 182 нь элэг солиулах шаардлагатай байна.

Эд нийцлийн лабораторитой болсноор гадаадад эмчлүүлэх иргэдийн тоо буурч, цаг алдалгүй хагалгаа хийх боломж нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.