ГССҮТ болон БНСУ-ын эмч нар хамтран микроскоп ашиглан нурууны мэс засал амжилттай хийжээ

Шинэ оны эхэнд ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Им Сү Бинтэй хамтран микроскоп ашиглан нурууны мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна.
Энэхүү мэс засалд гэмтлийн дараах нурууны эмгэгтэй өвчтөнүүдэд микроскопоор хажуугийн хүрцээр нугаламын их биеийг авч, тэлэгч имплант байрлуулж бэхлэх аргыг хэрэглэжээ. Энэ арга нь шарх багатай, өвчтөний зовуурь багасах, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг давуу талтай юм.
ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар 2024 онд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт төрөлхийн болон хүнд хэлбэрийн нурууны муруйлт, гажиг согог, нугалам солих мэс заслын чиглэлээр сургалтанд хамрагдсан байна.
Мөн тус төв нь олон улсын эмчилгээний арга технологийг нэвтрүүлэх, үндэсний чадавхжуулах багийн эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023 онд “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат, 2025 онд “Carl Zeiss Pentero 800” микроскоп зэрэг нурууны мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн юм.
