Улаанбаатар хотод “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Улаанбаатар хотод “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” нэртэй өвлийн улирлын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээ нь задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайд хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд болон бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэнээрээ онцлогтой юм.
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
Төслийн гол зорилго нь хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх, хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Мөн энэ төсөл нь Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байгаагаараа онцлогтой.
