Монгол Улсад анх удаа Улсын аялал жуулчлалын бүсийг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн зургаан бүсийн 12 аймгийн 17 байршилд Улсын аялал жуулчлалын бүсийг анх удаа хэлэлцэн баталлаа. Энэхүү бүсүүдийн хөгжлийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтвортой хөгжлийн бодлого, ногоон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хариуцлагатай аялал жуулчлалын зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээр тогтов.
2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 846,103 жуулчин Монгол Улсад ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад таван хувийн өсөлттэй байна. Тус сард дангаар 38,118 жуулчин зорин иржээ. Жуулчдын урсгал улирлын хэлбэлзэлтэй бөгөөд зуны саруудад, ялангуяа долоо, наймдугаар сард оргилдоо хүрдэг байна. 2025 онд ихэнх саруудад жуулчдын тоо өссөн нь зах зээлийн сэргэлт, олон улсын сурталчилгаа, эвент арга хэмжээ, нислэгийн хүртээмж нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Засгийн газрын хуралдаанаар Улсын аялал жуулчлалын бүсээр дараах 17 газрыг баталжээ: Амарбаясгалант хийд, Горхи Тэрэлж, Бурхан Халдун уул, Онон голын хөндий, Дадал, Хөдөө арал, Буйр нуур-Халх гол, Алтан овоо уул, Цагаан суварга, Шуранг, Улаан цутгалан, Өгий нуур, Цэнхэрийн халуун рашаан, Галуут, Хөвсгөл нуур Ханх, Хатгал, Отгонтэнгэр, Алтайн таван Богд, Хотон, Хурган нуур.
