2025 онд Улаанбаатар хотын орон сууцжуулах томоохон төслүүд амжилттай эхэллээ

2025 онд Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төслүүдийн нэг болох Сэлбэ хот, Баянхошуу хот, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны Ханын материалд 12.6 га талбайд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, ажлын явц 98 хувьтай байна. Төсөлд хамтран ажиллах гэрээг “Материал импекс” ХХК-тай байгуулж, 10 дугаар сарын 24-ний өдөр шав тавьжээ. 12 дугаар сарын байдлаар инженер геологи, хээрийн судалгаа, өрөмдлөгийн ажил дууссан бөгөөд нийт 3000 айлын орон сууц барих хоёр ээлжээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ногоон орон сууц барьж байна. Баянхошууны 41.3 га талбайд 2816 айлын, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барихаар үе шаттай ажил эхлүүлжээ. Энэ онд тус бүсүүдэд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Ногоон орон сууц барих нь гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээг нэвтрүүлж, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болгох зорилготой юм.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна.
2025 онд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, шинээр барих төслүүдийг хэд хэдэн байршилд хэрэгжүүлж байна. Үүнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармаг орчим, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд ХАА-27 дугаар байрыг буулган барилгажуулах төсөл, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байруудыг буулган барилгажуулах төсөл, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 34, 35 дугаар байруудыг буулган барилгажуулах төсөл, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 3-20 дугаар байруудыг буулган барилгажуулах төслүүд багтаж байна.
