Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нар сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2025 оны 12 дугаар сарын 31-нд өргөн мэдүүллээ.
Төслийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1995 онд санаачилсан “Эрүүл мэндийг дэмжигч сургууль” тогтолцоог үндэслэн боловсруулжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас 2024 онд гаргасан судалгаагаар ерөнхий боловсролын сургуулиудын орчинд олон аюултай нөхцөл байдал байгаа нь тогтоогдсон байна.
Судалгаанд дурдсанаар сургуулиудын 51 хувь нь авто замтай ойрхон, 79 хувь нь хурд сааруулагчгүй, 33 хувь нь стандарт хангаагүй хашаатай, 77.2 хувь нь зориулалтын бус эдэлбэр газартай, 73.2 хувь нь аюулгүй биеийн тамирын талбайгүй, 13 хувь нь хүүхэд гэмтэх аюултай нүхтэй, 76.9 хувь нь цахилгааны ил задгай утастай байна.
Эдгээр нөхцөл байдлын улмаас суралцагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх, үр дүнг үндэслэн арга хэмжээ авах шаардлага үүссэн тул хуулийн төсөлд эдгээр харилцааг зохицуулах зохицуулалтыг тусгасан байна.
Азийн зарим улс орнууд, тухайлбал БНХАУ, Япон, БНСУ, Лаос, Непал, Филиппин, Тайланд, Камбож зэрэг орнууд эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тогтолцоог өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж, эрх зүйн зохицуулалттай ажиллаж байгаа аж.
Хуулийн төсөлд суралцагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих харилцааг нарийвчлан тусгасан байна.
Түүнчлэн эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тогтолцоог бий болгож, бодлогын хэрэгжилтийг жил бүр үнэлж олон нийтэд мэдээлэх, суралцагчдын насанд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хүртээмжтэй зохион байгуулах зохицуулалтуудыг багтаасан байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Эрүүл мэндийг дэмжигч сургууль” санаачилга, Оттавагийн дүрэм, Жакартагийн тунхаглал, ДЭМБ-ын зөвлөмжүүд болон Япон, БНСУ, Финландын холбогдох хууль эрх зүйн актыг харьцуулан Монгол Улсын онцлогт тохируулан боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
