Их Хурлын 2025 оны намрын чуулган 75 өдөр үргэлжилж хууль тогтоол баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 75 өдөр үргэлжилж, 14 хууль болон 37 тогтоолыг хэлэлцэн баталлаа. Чуулганы сүүлийн хуралдаан өчигдөр болж, УИХ-ын дарга Н.Учрал хиймэл оюунаар хуулийн төслийн дүн шинжилгээ хийх шинэ системийг нэвтрүүлж байгаагаа танилцуулсан юм. Цаашид хууль санаачлагчид d.parliament.mn цахим талбарт хуулийн төслөө байршуулж, AI дүн шинжилгээнд хамруулах шаардлагатай болохыг онцлов.
Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүд Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин нар яаралтай хэлэлцэхийг эсэргүүцэж, Засгийн газрыг хууль боловсруулах үйл явцад илүү нээлттэй байхыг шаардсан санал гаргав. Эцэст нь уг хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын дарга Н.Учрал чуулганы хаалтын үгэндээ ард түмний төлөөлөгчид мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх үүрэгтэйг тэмдэглэн, тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөөг бататгах шаардлагатайг онцлов. Мөн “Чөлөөлье” санаачилгыг танилцуулж, төрийн хүнд суртал, хууль зөрчил, авлига зэрэг саад бэрхшээлийг арилгах чиглэлээр 12 ажлын хэсэг ажиллаж байгааг мэдэгдэв.
Ингээд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, гишүүд болон зочид төлөөлөгчид босож хүндэтгэл үзүүлэн 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөв.
