Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох үүрэг өглөө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх талаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн явцтай танилцсан байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь хэмжээг ирэх оны эхний улиралд багтаан тогтоох үүргийг ажлын хэсэгт өгсөн байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод холбогдох санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг даалгавар өгчээ.
Эдгээр компаниуд нь төрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дүгээр заалтын дагуу төрийн эзэмших хувь хэмжээг 50 хүртэлх хувиар тогтоох боломжтой юм.
