Төрийн одон, медалийг хуурамчаар үйлдсэн иргэнийг торгоно

2025-12-25 10:001min
20251225-100033-file.jpeg
Монгол Улсын төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд иргэнийг 150,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгоно.

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Төрийн одон, медаль авна, зарна” гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдэх болсон байна. Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналыг олгох бүрэн эрх нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бөгөөд эдгээрийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.

Төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох бөгөөд “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар уг зөрчлийг үйлдсэн иргэнийг 150,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ.

Мөн тус хуулийн 15.21.1-т зааснаар улсын цол, одон, медалиар шагнагдаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байх, ийм төрлийн зар мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.