Нөөцийн махыг 2026 оны хоёрдугаар сараас үе шаттайгаар худалдаална

2025-12-25 08:301min
20251225-083027-file.jpeg
Засгийн газар 2026 оны хоёрдугаар сараас эхлэн нийслэлийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөцийг үе шаттайгаар дотоодын зах зээлд нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан 2026 оны хоёрдугаар сараас эхлэн үе шаттайгаар дотоодын зах зээлд худалдаалах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт даалгалаа.

Нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шат бүрт чанар, аюулгүй байдлын хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Мөн хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдааны шатанд зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Улсын хэмжээнд 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийт 14.9 сая толгой мал буюу 543,000 тонн мах хэрэглэх урьдчилсан тооцоолол гарсан байна.