Зайсангийн гүүрийг шинэчлэх ажил 2025 онд бүрэн дууслаа

Нийслэлээс 2025 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаа цувралаар танилцуулж байгаа бөгөөд энэ удаад Зайсангийн гүүрний шинэчлэлд онцгойлон анхаарлаа хандуулжээ.
2025 онд Зайсангийн зүүн гүүрийг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд өргөтгөн шинэчилсэн байна. Авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, хуучин гүүрийг буулгасны дараа гуравдугаар сард шинэчлэлийн ажил эхэлжээ. Шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан байна.
Гүүрийн бүтээн байгуулалтад “ЗМЗ” ХХК ажиллаж, дотоодын чадварлаг инженер, техникийн ажилчид оролцсон байна. Шинэ гүүр нь 225 метр урт, хос гүүр хэлбэртэй бөгөөд дөрвөн эгнээ авто замын ачааллыг саадгүй нэвтрүүлэх боломжтой болсон юм.
Зайсангийн хуучин гүүрийг 1971 онд ашиглалтад оруулсан бөгөөд 54 жилийн турш засвар, шинэчлэлт хийгдээгүй байжээ. 2012 онд гүүрийн ашиглалтын түвшин D үнэлгээнээс доогуур гэж дүгнэгдэж, нурж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан тул 2022 оноос эхлэн 225 метр урт, дөрвөн эгнээтэй төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн байна.
Баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээсэн бөгөөд энэ нь Зайсангийн гүүрний бүтээн байгуулалтын нэг хэсэг юм.
