Дэнжийн мянга дэд төвд 93 МВт хийн дулааны станц барина

2025-12-24 19:011min
20251224-190111-file.jpeg
Улаанбаатар хотын гэр хорооллын хойд хэсэгт Дэнжийн мянга дэд төв байгуулагдаж, 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц ирэх оноос баригдах төлөвтэй байна. Энэ төсөл нь байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах зорилготой юм.

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд хэсэгт байрлах Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулах ажил явагдаж байна. Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22,500 хүн амд нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээний бүсийн төвөөр үйлчлэхээр төлөвлөгдсөн байна.

Гэр хорооллын оновчтой зохион байгуулалт, хөгжүүлэлт нь хотын байгаль орчин, экологи, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Мөн Дэнжийн мянга дэд төвд ирэх оноос төр, хувийн хэвшлийн түншлэлээр 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станцыг шинээр барихаар төлөвлөжээ.

Энэхүү хийн дулааны станц нь нийслэлд анх удаа баригдах бөгөөд байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах зорилготой юм. Хийн дулааны станц нь шаталтаас хатуу хог хаягдал үүсгэдэггүй онцлогтой бөгөөд ажиллах хүчний зардал багатай байна. Төслийн хэрэгжилтээр бусад дулааны станцуудын ачааллыг хуваалцаж, айл өрхийн дулааны хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой болох юм.