2025 оны III улирлын дундаж цалин 2.7 сая төгрөгт хүрэв

2025-12-23 19:011min
20251223-190128-file.jpeg
2025 оны III улирлын байдлаар Монгол Улсын нэг ажилтны сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг болсон бөгөөд уул уурхай, олборлолтын салбар хамгийн өндөр цалинтай байна. Харин зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарын цалин хамгийн бага хэвээр байна.

Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн ам 2.1 сая бөгөөд үүнээс 1.2 сая нь ажиллах хүчин, 865 мянга нь ажиллах хүчнээс гадуурх байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 2025 оны III улирлын байдлаар нэг ажилтны сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг, голч цалин 2.3 сая төгрөг, үндсэн цалингийн дундаж 2.4 сая төгрөгт хүрсэн байна. Өмнөх улирлаас дундаж нэрлэсэн цалин 26 мянгаар буурч, бодит цалингийн индекс 2.3 хувиар буурсан аж.

Ажлын салбараар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарын ажилтны цалин хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөгт хүрч, улсын дунджаас 79.5 хувиар өндөр байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажилтны цалин хамгийн бага буюу 1.8 сая төгрөг бөгөөд улсын дунджаас 32.6 хувиар бага үзүүлэлттэй байна.

Бодит цалингийн индексийг өмнөх улирлаас харвал боловсруулах үйлдвэрлэлийн салбар 13.6 хувиар өссөн бол уул уурхай, олборлолт болон боловсролын салбарууд 8.7-12.4 хувиар буурсан байна. Цалингийн бүлгээр ажиллагсдын тоог авч үзвэл, 1.5-3.0 сая төгрөгийн цалинтай ажилчид нийт даатгуулагчдын 38.4 хувийг эзэлж, 792 мянга хүртэлх төгрөгийн цалинтай ажилчид 9.1 хувийг бүрдүүлж байна.

Төвийн бүс болон Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 1.7-5.1 хувиар өндөр байхад, баруун, зүүн, хангайн бүсэд 3.0-18.3 хувиар бага байна.

Хүйсээр авч үзвэл эрэгтэй ажиллагсдын сарын дундаж цалин 3 сая төгрөг, эмэгтэйчүүдийнх 2.5 сая төгрөг бөгөөд эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдээс 521 мянган төгрөгөөр өндөр байна.