Сурагчид ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардууллаа
2025-12-23 17:011min

Нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчид ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тав дахь жилдээ шинэ жилийн бэлэг гардуулж, баярлуулжээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн 12г ангийн сурагчид болон Г.Алтантуул багшийн санаачилгаар ахлах, дунд ангийн сурагчид Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) эмчлүүлж буй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 40 хүүхэд болон Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээнд хамрагдсан 25 бага насны хүүхдийг баярлуулсан байна.
Шинэ жил тэмдэглэх боломжгүй, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг өгч, сэтгэлийн дэм хайрласан сурагчдад ГССҮТ-ийн хамт олон талархал илэрхийлжээ.
