БНСУ-ын иргэдийн Монголд 90 хоногийн визийн чөлөөлөлт дуусах хугацаа ойртож байна

Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Монгол Улсад 90 хүртэл хоногоор жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн юм.
Сүүлийн жилүүдэд Солонгосын жуулчид олноор ирж байгаа гол шалтгааны нэг нь энэхүү шийдвэр байлаа. Тухайлбал, 2024 онд Монгол Улсад 200,000 орчим Солонгос жуулчин ирсэн нь БНХАУ, ОХУ-аас ирсэн жуулчдын тоотой дүйцэхүйц үзүүлэлт болсон байна.
“Physical Asia” шоу болон тус шоуны оролцогчдын Монголд аялсан тухай удахгүй цацагдах “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн нөлөөгөөр 2026 онд Солонгос болон бусад олон улсаас жуулчдын тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа юм.
Гэвч энэ оны төгсгөлд 90 хоногийн визийн чөлөөлөлтийн хугацаа дуусахад ойрхон байхад Засгийн газраас БНСУ-ын жуулчдын визийн асуудлаар шинэ шийдвэр гаргаагүй байгаа нь аялал жуулчлалын салбарын байгууллагуудад хүндрэл учруулж байна.
Визийн шаардлагаас үргэлжлүүлэн чөлөөлөх эсэх, эсвэл хугацааг дуусгавар болгох талаар тодорхой шийдвэр гаргахгүй байгаагаас аяллын үйлчилгээ үзүүлэгчид ирэх жуулчдад зориулсан төлөвлөлт, заавар зөвлөгөө өгөхөд хүндрэлтэй байгаа аж.
2024 онд Монгол Улсад гадаадаас нийт 808,956 жуулчин ирсэн бөгөөд үүний ойролцоогоор дөрөвний нэг нь БНСУ-ын иргэд байжээ.
