Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх 3х100 арга хэмжээг танилцуулав

2025-12-23 15:021min
20251223-150205-file.jpeg
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх 3х100 арга хэмжээг танилцуулж, өрхийн болон орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г танилцуулж, уг санаачилгын хүрээнд боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцэв.

Уулзалтын эхэнд өнөөгийн эрчим хүчний нөхцөл байдал, холбогдох статистик үзүүлэлтүүд танилцуулагдсан бөгөөд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилтот арга хэмжээ, санхүүжилт, төрийн оролцооны хэлбэрийн талаар санал солилцсон юм. Уулзалтад УИХ-ын гишүүд, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл, эрчим хүчний салбарын шинжээчид оролцлоо.

Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байна. УИХ-ын дарга танилцуулгын эхэнд экспортын бүтээгдэхүүний 93 хувь уул уурхайн салбараас хамааралтайг онцолж, эдийн засгийн бүтцийг өөрчлөн ногоон дэд бүтцийн бодлого руу шилжих шаардлагатайг тэмдэглэв.

Монгол Улсын эрчим хүчний шугамын алдагдал 14 хувьтай байгаа нь дэлхийн дунджаас өндөр бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь ердөө 7 хувьтай байна. Цахилгаан автомашины хэрэглээ бага бөгөөд нийт 918 мянган тээврийн хэрэгслээс зөвхөн 1000 орчим нь цахилгаан автомашин байна.

Иймд УИХ-ын тогтоолын төсөлд өрхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих “100 мянган нарны гэр” хөтөлбөр, орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний 100 МВт тархмал эх үүсвэрийн хөтөлбөр, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулах хөтөлбөрийг багтаасан байна.

Нийслэл хотын гэр хорооллын 44 хувь нь 204 мянга гаруй өрхөөс бүрддэг бөгөөд өрх бүрийг 10 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системтэй болгох, техникийн нөхцөлгүйгээр сүлжээнд холбох, зөвшөөрөл олголтыг хялбаршуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжихээр төлөвлөжээ.

Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг жил бүр худалдан авах ажиллагааг зохион байгуулах бөгөөд төвийн бүсээс хэт хамааралтай орон нутгийн эрчим хүчний дамжуулах, түгээх сүлжээний хуучирсан байдал, алдагдлыг бууруулах арга хэмжээг авч, сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрүүдийг сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлэх, холбох процессыг хялбаршуулах шийдлийг дэвшүүлж байна.

Аялал жуулчлал, гадаад худалдаа, уул уурхай, экспортын автозамын сүлжээ, хилийн боомтуудыг харгалзан 100 байршилд цахилгаан автомашин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулах төлөвлөгөөтэй байна.

Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний чадал 500 МВт-аар нэмэгдэх, эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдал буурах, аймгийн төвүүдэд тархмал эх үүсвэр нэмэгдэх, цахилгаан автомашины тоо 100 мянгад хүрэхээр тооцоолсон байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд, салбарын мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд санаа бодлоо илэрхийлж, үр дүнг хэмжиж тайлагнах тогтолцоог сайжруулах, хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хуулийн зохицуулалтыг цэгцлэх шаардлагыг дэвшүүлэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежер сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар санал хэлсэн бөгөөд оролцогчид уг тогтоолын төслийг бодитой хэрэгжүүлэхэд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Н.Учрал оролцогчдын саналыг тогтоолын төсөлд тусгаж, М.Энхцэцэг гишүүн ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцохыг урьсан байна.