ОХУ, Казахстан газрын тос дамжуулах гэрээнд гарын үсэг зурлаа

2025-12-22 10:001min
20251222-100040-file.jpeg
ОХУ-ын “Транснефть” болон Казахстаны “КазТрансОйл” компани 2026 оноос эхлэн Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан газрын тос тээвэрлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

ОХУ-ын төрийн өмчийн “Транснефть” компани болон Бүгд Найрамдах Казахстан Улсын газрын тос дамжуулах үндэсний оператор “КазТрансОйл” компани 2026 онд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Казахстаны газрын тосыг тээвэрлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний ёслол Казахстаны Астана хотод болжээ.

“Транснефть” компанийн дэд ерөнхийлөгч Сергей Андронов хамтын ажиллагааны явцад уян хатан, шуурхай шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдал үүсдэг учир гэрээ байгуулах нь чухал ажил болсон гэж мэдэгджээ.

Энэхүү гэрээний дагуу “Транснефть” болон “КазТрансОйл” компаниуд хамтран Казахстаны газрын тосыг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ болон Беларусийн хил хүртэл тээвэрлэж, цаашлаад Европын холбооны орнууд руу хүргэх боломжтой болох юм. Мөн Казахстаны нутаг дэвсгэрээр Оросын газрын тосыг тээвэрлэх боломж бүрдэх ажээ.