“The MongolZ” баг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

2025-12-21 12:001min
20251221-120037-file.jpeg
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “The MongolZ” цахим спортын багийг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардууллаа. Баг нь уламжлалт соёлыг орчин үеийн технологитой уялдуулан гадаад улсад сурталчлах үүрэг хүлээнэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, баяр хүргэлээ.

“The MongolZ” баг нь Монгол Улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнд амжилттай оролцсоноор Монгол бахархал болсон анхны спортын баг болж Соёлын элчээр томилогдсон байна.

Энэхүү баг нь цахим спортын амжилтаас гадна дэвшилтэт технологи болон цахим орчны давуу талыг ашиглан эх орноо, Монгол үндэстнийг бүтээлч хэлбэрээр сурталчилж, олон улсын залуу үеийн соёл, спортын орон зайд Монгол Улсын эерэг дүр төрхийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.

“The MongolZ” баг Соёлын элчийн үүрэгт хугацаандаа Монголын уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлах, мөн Монгол Улс болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй оролцохоо илэрхийллээ.