УИХ “Оюу толгой” ордын ашиглалтад хяналт шалгалтын тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны 12 дугаар сарын 19-нд таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцсан юм.
Хянан шалгах түр хорооны тайланг Улсын Их Хурлын гишүүн, түр хорооны дарга О.Батнайрамдал танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 126 гишүүнээс 89 нь дэмжиж, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн стратегийн ач холбогдол бүхий “Оюу толгой” бүлэг ордын талбайн хил заагт орших “Жавхлант” болон “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалт, гэрээний хэрэгжилтийг хянан шалгах түр хороог байгуулсан талаар мэдээлэв.
Тус хороо таван сарын турш 13 удаа хуралдаж, 25 тогтоол баталсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 8, 10, 12-ны өдрүүдэд 300 орчим гэрч дуудагдсан сонсгол зохион байгуулжээ. Сонсголд төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, Rio Tinto, Оюу Толгой, Онтрэ компаниуд болон иргэд, төрийн бус байгууллагын 92 төлөөлөл оролцсон байна.
Хянан шалгах түр хорооны тайланд дурдсанаар, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монголын талд ашиггүй нөхцөл үүсгэж, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон байна. Гэрээний үр өгөөжийн хувь хэмжээ анх тохирсон 53 хувь Монголын талд хүрэхгүй байгаа нь итгэл алдарсан шалтгаан болсон гэжээ.
Тайланд мөн Засгийн газраас гэрээ байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийг бүрэн хангаагүй, өндөр хүүтэй зээлийг сонгосон нь Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг тодорхойгүй болгосон гэж дүгнэсэн байна.
Хянан шалгах түр хороо дараах санал, дүгнэлтийг гаргасан байна: стратегийн ач холбогдол бүхий тусгай зөвшөөрлийн хууль зүйн үндэслэлийг нягтлах, гэрээний хэрэгжилтийг хуульд нийцүүлэх, санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчимд нийцүүлэн бууруулах, геологи хайгуулын судалгааг үргэлжлүүлж ашиглалтын хяналтыг сайжруулах, Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээг 53 хувиас доошгүй байхаар баталгаажуулах зэрэг юм.
Улсын Их Хурлын гишүүд хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд зарим нь тогтоолын төсөлтэй танилцаж амжаагүй тул хэлэлцэхийг хойшлуулах санал гаргав. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хорооны ажлыг сайшааж, гишүүдийг дэмжихийг уриаллаа.
Намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
