ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр: Х.Мандахбаярын хар гайгаар “илт худал мэдээлэл тараах” гэдэг заалт орж ирсэн. Монголын сэтгүүлчид тэр хүндээ гомд
2025-11-24 13:423min

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий сэтгүүлчид ҮХЦ-д хандсан. Тэгвэл өнөөдөр энэхүү асуудлыг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж байгаа аж.
Энэхүү заалтыг УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж баталсан билээ. Уг хуулийн төслийг боловсруулж байх үед Х.Мандахбаяр Ерөнхийлөгчтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ Ажлын хэсэгт байлцаж, уг заалтыг эрүүгийн хуульд оруулахыг дэмжсэн байдаг. Хэлэлцүүлгийн шатанд “Энэ хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан гомдол гаргах эрхгүй” гэж тайлбарлаж байв.
Мэдээлэл гаргагч Ж.Баттуулын өмгөөлөгч Д.Оросоо “Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Эрүүгийн хуулиар шалгагдаж байна. Хулгай, дээрэм хийсэнтэй адилхан шалгагдаж байна. Үндсэн хуульд “Хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө яллаж болохгүй” гэсэн заалт бий. Тиймээс Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Үндсэн хуультай харшилж байна. Эрүүгийн хуульд “гүтгэх” гэдэг заалт байсан. 2020 онд шинэ төрлийн гэмт хэрэг болгож, “худал мэдээлэл тараах” гэдэг үг оруулж ирсэн. Гүтгэх заалтаас гэмт хэргийн агуулга, хүрээгээрээ шинэ хэв шинжтэй байна. Тиймээс хүний эрхийг зөрчсөн. Худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарласан. Иргэний хуулийн 21.1 дээр давхардал үүсгэсэн.
Улстөрчид иргэний хэргээр явах уу, эрүүгийн хуулиар явах гэдгээ шийддэг болчихсон. Тэгээд сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шалгуулахаар өгч, дансыг хүртэл шалгуулдаг болчихсон.
2020 онд 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн” хэмээлээ.
Мэдээлэл гаргагч, иргэн Ү.Сумъяабазар “Иргэний хэргийн асуудлыг Эрүүгийн хуулиар шалгаад байгаа нь дарамт болж байна” хэмээлээ.
Мэдээлэл гаргагч, иргэн Э.Энэрэл, “Ардчиллын мөн чанар болсон зүйлийг бид хамтдаа хамгаалахаар ирсэн. Одоогоос 13-14 жилийн өмнө Эрүүгийн хуулиас энэ заалтыг авч өгөөч гэдэг нийтлэл бичиж байлаа. Энийг авч өгөх улстөрч байвал хамтран ажиллая ч гэж уриалж байлаа, гунигтай. Хуулиар зэвсэг хийдэг учир илүү аюултай гэж үздэг болсон. Мэдээлэлтэй, мэдлэгтэй иргэд төрийн эрх мэдлийг хянах боломжтой байдаг” хэмээлээ.
Мэдээлэл гаргагч, иргэн Э.Хүрэлбаатар, “20 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж, редакц толгойлохдоо олон удаа хууль хяналтын байгууллагад дуудагдаж байна. Редакциараа дуудагдах ч тохиолдол гарсан. Энэ хүнийг буюу хэвлэл мэдээллийнхнийг залхаан цээрлүүлье гэсэн ганц зорилготой. Маш олон сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллахаас татгалзаж байна. 4000 гаруй хүнээс 20 гаруйхан эрэн сурвалжлах сэтгүүлч байна” хэмээлээ.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хүний салшгүй дөрвөн эрхэд хязгаарлалт тавьдаггүй. 2023-2014 онд гүтгэх заалтыг Эрүүгийн гэмт хэргээс хасч, зөрчил рүү оруулаарай гэсэн лоббиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй хийж байсныг Э.Энэрэл сэтгүүлч хэллээ. Ингээд буцаагдсан. Дорлигжав сайд байхдаа буцаан өргөн барьснаар батлагдсан. 2018 оны 08.08-нд миний бие ХЗДХ-ийн Дэд сайд болоход батлагдсан Эрүүгийн хууль сарын дараа хэрэгжиж эхлэх гэж байна. Хуулийн үйлчлэлийг зургаан сараар хойшлуулах шаардлага үүссэн. Улмаар хойшлуулсан. Ингэж Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг боловсронгуй болгох ажлыг миний бие ахалсан.
Гүтгэх бол зөрчил биш гэдгийг ямар ч эрхзүйч хэлнэ.
Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн сэтгүүлчдийн тоо Эрүүгийн хуулиас шийтгүүлснээс даруй 4,5 дахин их. Зөрчлийн хуулиар шалгахдаа санаа, сэдлийг нь огт тогтоодоггүй. Тиймээс зөрчлийн хуульд байх нь буруу гэдэг нь нотлогдсон. Иргэн 2 сая, хуулийн этгээд 20 сая төгрөгөөр торгуулдаг. Гэтэл Эрүүгийн хуульд 540 мянган төгрөгөөр торгуулдаг буюу дөрөв дахин хямд.
БНХАУ гурав хүртэлх жилээр хорьдог. Монгол Улс 100-400 мянган төгрөгөөр торгодог. Хамгийн хөнгөн ялтай нь Монгол Улс.
ҮХЦ-д гоомдол гаргагчид “Эрүүгийн хуульд байх ёсгүй” гээд байна” хэмээлээ. Улстөрчдийг хувь хүнийх нь хувьд нэр төрд нь халдаад байж болохгүй. МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаярын хар гайгаар “илт худал мэдээлэл тараах” гэдэг заалт орж ирсэн. Сэтгүүлчдээ хамгаалах нэрээр шоронд оруулсан, шалгуулах болсон. Тэрнийх нь горыг сэтгүүлчид үүрч байна. Монголын сэтгүүлчид тэр хүндээ гомд” гэлээ.
Мөн тэрбээр, “Эрүүгийн хуулийн 13.14-ийг боловсронгуй болгохыг үгүйсгэхгүй. “Гүтгэх” гэдгээрээ байх ёстой” гэсэн тайлбарыг хийв.
