Туул-1 коллекторт 30 км бохирын шугам угсрахад 10.4 км үлдээд байна

2025-11-06 18:471min
20251106-184704-file.jpeg

2006 онд Засгийн газраас 40,000 орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоноос Нарны замын бүсээр дамжуулан Төв цэвэрлэх байгууламжид бохир усыг нийлүүлэх 23 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 30 километр урт “Туул-1” коллекторын бохир ус дамжуулах шугамыг барих ажил эхэлсэн ч одоогийн байдлаар 10.4 километр нь гүйцэтгэгдээгүй байна.

Ус Сувгийн Удирдах Газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэнгийн мэдээлснээр, 2025 оны аравдугаар сарын 8-наас уг ажлыг үргэлжлүүлэн УСУГ-ын 72 хүнтэй, долоон бригад ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламж талын 1.2 километр бохир усны шугамыг угсарч дуусгасан бөгөөд 2025 оны арванхоёрдугаар 1-ний өдөр гэхэд хоёр километр шугамыг суурилуулах төлөвлөгөөтэй байна.

“Туул-1” коллекторын бохир усны шугамыг элсэн дүүргэлттэй, шилэн мяндсан материалтай хоолойгоор хийж байгаа нь зэврэхгүй, химийн бохирдолд тэсвэртэй, бат бөх, хөнгөн жинтэй, хагарахгүй онцлогтой бөгөөд таван метрийн гүнд угсарч байна.

Төвөгшил багатай бол 2026 онд “Туул-1” коллекторын бохир усны төв шугамыг бүрэн дуусгах бөгөөд гэрээний дагуу 2027 оны арванхоёрдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулах ёстой юм.

“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын хамгийн том бохир усны гол магистраль шугам бөгөөд Баянзүрх дүүргийн хэрэглэгчдээс эхлэн Төв цэвэрлэх байгууламж хүртэлх бохир усыг цуглуулж, нийлүүлнэ. Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 1,200 мм болон 1,400 мм-ийн хоёр шугамаар бохир усыг нийлүүлдэг ч эдгээр нь ачаалал ихтэй үед дүүрч, шинээр баригдсан орон сууцны айлуудад холболт хийх боломжгүй болжээ.

Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж буй шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, хоногт 50,000 метр куб бохир усыг хүлээн авах туршилт хийгдэж байна. Улаанбаатар хотын ундны усны баруун эх үүсвэр нь Баруунтуруун, Эмээлт аж үйлдвэрийн технологийн парк, Хүннү хотыг ундны усаар хангах хүчин чадалтайгаар энэ онд ашиглалтад орох төлөвтэй байна.