ЦЕГ авто эргүүлийн 21 чиглэлийг нэмснээр дуудлага ирэх хурд сайжирчээ

2025-11-04 16:471min
20251104-164715-file.jpeg

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 шинэ чиглэлийг нэмсэнээр иргэдийн дуудлага, мэдээлэлд очих хурд сайжирч, алба хаагчдын ажлын ачаалал буурсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт авто эргүүлийн чиглэлд 100 автомашин ажиллаж, иргэдийн дуудлага мэдээлэлд дунджаар 10-13 минутын дотор очиж, шийдвэрлэн ажиллаж байна.

Авто эргүүлийн чиглэлд дуудлага мэдээлэлд хүрч очих хугацаанд саад учруулдаг гол хүчин зүйлсийн нэг нь аж ахуйн нэгж, орон сууц, хотхоны гадна байрлуулсан хаалт байжээ.

Иймээс орон сууц, аж ахуйн нэгж байгууллага руу нэвтрэх хаалтыг онгойлгох смарт чипийг зохион бүтээж, Баянзүрх дүүргийн 100 байршилд цаг алдалгүй нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид бусад дүүргийн нутаг дэвсгэрт ч уг смарт чипийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.

Энэхүү смарт чип нь карт уншдаг, дугаар таньдаг бүх төрлийн хаалтыг онгойлгох боломжтой гэдгээрээ онцлог юм.