Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвүүдийн туршлага солилцох уулзалт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Дээд боловсролын сургалтын байгууллагын Багшийн хөгжлийн төвүүд үйл ажиллагааны туршлага хуваалцаж, харилцан суралцах зорилготой “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага – 2025” сэдэвт үндэсний туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын яамны дэмжлэгтэйгээр, Боловсролын ерөнхий газар санаачлан, удирдан зохион байгууллаа.
Арга хэмжээнд Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын Консерватор хамтран оролцлоо. Мөн АНУ-ын ЭСЯ, Хампри хөтөлбөр дэмжин ажиллалаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын Багшийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, багшийн хөгжлийн чиглэлээр ажиллаж буй багш нар оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, сайн туршлага, цаашдын зорилтын талаар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг АНУ-ын Пеньсилванийн их сургуулийн Боловсролын коллежийг Хампри хөтөлбөрөөр төгсөгч, ОТИС-ийн Проректор Б.Одгэрэл “Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын БХТ-ийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлсэн байна.
Панел хэлэлцүүлэгт БЕГ, МУБИС, АШУҮИС, ОТИС, ХААИС, Орхон их сургуулийн төлөөлөл оролцон, хэлэлцүүлгийн үеэр багшийн хөгжлийг дэмжих бодлого, арга зүйг уялдуулан, нэгдсэн зохион байгуулалттайгаар салбарын асуудлыг хэлэлцэх, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон, багшийн хөгжлийг дэмжих үндэсний сүлжээ байгуулах нэгдсэн шийдвэрт хүрсэн нь уг арга хэмжээний томоохон үр дүн боллоо.
