Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдлаа

Монгол Улсын Их хурлын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан.
Хүннү хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай байх бөгөөд нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх үүрэгтэй.
Төв аймагтай хөгжлийн интеграцид орж, хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх зорилготой юм.
Хүннү хотод Засгийн газрын байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвүүдийг байрлуулахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлуудыг хийж байгаа бөгөөд “Хүннү” дэд станц нь засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн.
110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын “Хүннү” дэд станц, дэд станцын удирдлагын байр, 10 кВ-ын хаалттай гурав хуваарилах байгууламж, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажлыг “Да хот” ХХК болон “Концепт капитал солюшнз” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын явц 84 хувьтай байна.
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт Хүннү хотыг Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн Монгол Улсын тээвэр логистикийн гол төв байхаар төлөвлөж, Зүүн Хойд Азийн агаарын зорчигч тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.
Хүннү хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурах, Богд Хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр логистикийн төв байгуулагдаж, Монгол Улсын эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.
