Азербайжаны Баку хотод 2026 оны жүдогийн ДАШТ-ийг зохион байгуулна

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос 2026 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зохион байгуулах хуваарийг өчигдөр албан ёсоор зарлалаа.
2026 оны аравдугаар сарын 4-нөөс 11-нийг дуустал үргэлжлэх тус тэмцээн Азербайжаны Баку хотод болох юм.
Жүдогийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг 1956 оноос, эмэгтэйчүүдийг 1980 оноос зохион байгуулж байгаад 1987 оноос хамтад нь зохион явуулж ирсэн. Үүнээс хойш Азербайжан улс нь 2018 онд нутагтаа жүдогийн тэмцээнийг хүлээн авсан түүхтэй.
Сонирхуулахад 2027 оны ДАШТ Казахстанд болно. Одоогоор зохион байгуулах хот болон хуваарийг албан ёсоор зарлаагүй байна.

Ташрамд жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг олон улсын жүдогийн өдөр болгож тэмдэглэдэг уламжлалтай. Жүдог үндэслэгч эцэг гэгддэг Кано Жигоро Шиханы төрсөн өдрийг 2010 оноос хойш тэмдэглэлт өдөр болгосон юм.
Манай улс жүдогийн төрлөөр олимпын наадмаас 1 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилттай. Энэ үзүүлэлтээр медалийн чансаагаар ч тоогоор ч тэр ижил 24-т жагсаж буй.
Харин ДАШТ-ээс 6 алт, 5 мөнгө, 25 хүрэл медаль хүртсэн амжилтаар Польшийн хамт 15-д бичигдэж байна.
