Дараагийн УИХ-ын даргыг МАН-ын бүлгээс, Ерөнхий сайдыг МАН-ын Бага хурлаас нэр дэвшүүлнэ

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг өнөөдөр зэрэг “огцрууллаа”. Ерөнхий сайд Г.Занданшатарын асуудлыг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан огцруулах бичигт үндэслэн шийдсэн. Харин УИХ-ын дарга өөрөө албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан юм.
Ингээд 2026 оны улсын төсвийг батлах яаралтай цаг хугацаанд дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилж, шинэ Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай болж байна.
Энэ хүртэл УИХ-ын даргын үүргийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэрэгжүүлнэ. Харин Г.Занданшатар Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж явах юм.
Тэгвэл, дараагийн томилгоог хэрхэн хийх талаар хуульд ингэж заажээ.
УИХ-ЫН ДАРГЫГ:
Үндсэн хуульд “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно…” гэжээ.
Мөн УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн тайлбарласнаар УИХ-д олонх болсон намын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшүүлдэг.
Тэгэхээр МАН-ын бүлэг одоо учраа олох, улмаар шинэ УИХ-ын дарга дээр тохиролцох шаардлагатай. Үүнд хуулийн хугацаа байхгүй.
ЕРӨНХИЙ САЙДЫГ:
Үндсэн хуульд, “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Улсын Их Хуралд оруулна”,
Мөн “Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана” гэж заасан байна.
Тэгэхээр Ерөнхий сайдыг бол МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж нэр дэвшүүлдэг. Харин өнөөдрөөс 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилохгүй бол УИХ тарах зохицуулалттай байна.