Багш нар аравдугаар сарын 15-наас ажил хаяна гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг

2025-10-13 12:321min
bagsh nar

Багш нараа үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр шат дараатай тэмцэж байгаа.

Тодруулбал есдүгээр сарын 24-д орон даяар тайван жагсаал зохион байгуулж, мөн суулт зарлаад буй. Энэхүү тэмцлийн арга хэмжээг зохион байгуулж буй Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ны төлөөллийг аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд танхимынхаа зарим сайдтай хамт хүлээн авч уулзсан юм.

Тухайн үед Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон байдаг.

Гэвч багш нар аравдугаар сарын 15-наас ажил хаях тухайгаа аравдугаар сарын 9-нд мэдэгдсэн. Энэ нь хууль бус хэмээн өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

Тэрбээр “Үйлдвэрчний эвлэлийн холбооноос аравдугаар сарын 9-нд багш нарын үндсэн цалин 3.5 сая төгрөг хүргэ гэсэн шаардлага биелүүлэхгүй байгаа тул аравдугаар сарын 15, 16-наас ажил хаяна гэсэн мэдэгдэл ирүүлсэн.

Цалин нэмэх дээр дэмжиж байгаа. Төсөвт 100 тэрбум төгрөг суулгасан байсан дээрээ нэмье гэсэн. Ерөнхий сайдын зүгээс нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалин 1,850,000 төгрөг болгоё гэсэн нь одоогийн цалингаас 25 хувь нэмэгдэж байгаа дүн юм. Мөн долдугаар сараас төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая төгрөг, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх гурван жилийн төлөвлөгөөтэй ажиллахаар болсон. Гэвч үйлдвэрчний эвлэлээс шууд 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, ажил хаях мэдэгдэл ирүүлсэн нь харамсалтай.

Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаагүй, хүнд нөхцөл байдлыг далимдуулж улс төр хийж байна гэх үзэхээс өөр арга алга. Эрх баригч нам дотроо хагарч, УИХ, Засгийн газар ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед улстөржиж байна гэж харж байгаа.

Иймд үйлдвэрчний эвлэл тавьсан шаардлагаа харж үзээч. Цалин нэмэх тал дээр адилхан байр суурьтай байгаа. Бие биенээ дэмжээд явж болно. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ярилцаад шийдвэрлээд явъя” гэлээ.

Түүнчлэн тэрбээр ажил хаялт зарлах нь хууль бус гэв. Боловсролын сайд П.Наранбаяр “Хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд гурван үе шаттай байдаг. Эхний үед хамтын хэлэлцээрийнхээ дагуу ярилцана. Шийдэгдэхгүй бол зуучлагч авна. Зуучлагч томилоод ярилцаад шийдэгдээгүй хөдөлмөрийн арбитрт ханддаг. Арбитрын явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу аль аль тал ажил хаяхгүй гэдэг. Энэ нь хууль бус ажил хаялт болно.

Хөдөлмөрийн арбитр байгуулах тухай тогтоол өнөөдөр ирсэн. Ажил хаялт гэдэг бол хамгийн эцсийн арга хэмжээ. Хөдөлмөрийн хууль зөрчсөн арга хэмжээнд Монголын багш нарыг оруулбал үйлдвэрчний эвлэлийн хороо өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ.
Багшийн үндсэн цалинд жилд 2.8 их наяд төгрөг зарцуулдаг. 94 мянган хүн энэ салбарт ажилладаг. 2.8 их наяд төгрөг дээр нэмж 3.3 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр байснаар 3.5 сая төгрөгийн үндсэн цалинг өгөх боломжтой болно. Цалин нэмэхийн төлөө явж байгаа ч санхүүгийн эх үүсвэрээ нарийн тооцох хэрэгтэй. Боломжгүй шаардлага тавиад байгаа нь буруу. Багш нарын эсрэг биш, үйлдвэрчний эвлэлийг буруу удирдаж байгаа удирдлагыг шүүмжилж байгаа” гэв.