Энэ оны нүүрсний экспорт 64 сая тоннд хүрчээ

2025-10-10 16:301min
327586771_734762061323110_5048426873020999899_n_b

Засгийн газраас 2025 оны 09 дүгээр 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр хийв.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Боловсролын сайд П.Наранбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авлаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг буруулсан шалтгааны талаар 105.5 байсан үзүүлэлтийг 102.4 болгож өөрчилсөн хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд хэлээд хөдөө, аж ахуйн салбарт хийх ажлууд, үүн дээр өсөлтийг нэмж тооцохоор 6 хувиас бууруулан 5.7 хувиар тооцож тусгаад байгаа гэв.

Ирэх жил 90 сая тонн нүүрс, 20 тонн алт экспортлох төсөөлөл боломжтой эсэх асуултад Н.Учрал сайд “Батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд хэт өөдрөгөөр төсөөлсөн байсан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ маш богино хугацаанд унасан. Батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ий өсөлтийг 6 хувь гэж тооцсон ч энэ оны эхний хагаст нүүрс олборлолт, үнэ төсөөллөөс доогуур байлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тээврийн өртгийг бууруулснаар тээвэр, ложистикийн салбар огцом агшсан. Батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд 80 ам.доллароор тооцсон байгаа ч түүхий эдийн үнийн өөрчлөлт, БНХАУ-ын эдийн засгийн төлөв, холбогдох дүн шинжилгээнд үндэслэн харьцуулахад 80 ам.доллар гэдэг тооцоо өөрчлөгдөх нь тодорхой.

Тиймээс ирэх оны төсвөө бодитоор тооцохыг хичээсэн” гэлээ. Нүүрсний экспорт 2023 онд 69 сая тонн, 2024 онд 83 сая тонн хүрчээ.

Өнөөдрийн байдлаар 64 сая тоннд хүрээд байгаа гээд “Ирэх жил төсөл дэх хэмжээгээр шахах нь үнийг хэт өөдрөг төсөөлснөөс оновчтой, үр дүнтэй гэж тооцсон. Ирэх оны 90 сая тонн нүүрсний 40 сая тонн нь гэрээгээр баталгаажна” гэжээ.