Б.Хишигтогтох: Шархад, Баянхошуунд 35-75 м.кв талбайтай 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан

2025-10-07 10:001min
Screenshot 2025-10-07 085857

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны 41.3 га талбайд 2,816 айлын орон сууц, Баянзүрх дүүрэг, Шархадны 19.2 га талбайд 2,184 айлын эко орон сууц барих ажлын гүйцэтгэлийн явцын талаар танилцуулав.

Энэ тухай Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын Төслийн зохицуулагч Б.Хишигтогтох “Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Өнөөдрийн байдлаар B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан. B13-1 талбарт 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил 67 хувьтай, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байна.

Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм. Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 100 хувьтай, гадна тохижилтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг төслийн нэгдүгээр шатны ажил болох 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан бөгөөд S27-2 талбарын 152 айлын орон сууцны барилга угсралтын ажил 69.6, S27-2-1 талбар дахь 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байна. Шархад дэд төв төслийн хүрээнд гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажил, инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл нийт 99 хувьтай үргэлжилж байгаа” гэлээ.

Эдгээр ногоон орон сууц нь 35-75 ам.метр талбайтай нийт 12 төрлийн сууцны сонголттой, өдөрт хамгийн багадаа 3-4 цаг нар тусгалыг айл бүр авах боломжтой байхаар барилгын өндөр 4-5 давхар, нэгдүгээр давхартаа худалдаа үйлчилгээ хосолсон дулаан зогсоолтой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сууц нийт орон сууцны 10 хувийг эзэлж байгаа аж.