Америк, Японы эрдэмтэд 2025 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртэхээр шалгарав

2025-10-07 09:301min
suozmn_nobel_prize_x974

АНУ-ын эрдэмтэн Мэри Брункоу, Фрэд Рамсделл, Японы эрдэмтэн Шимон Сакагүчи нар дархлааны систем яагаад гаднын халдварыг эсэргүүцдэг мөртлөө хүний өөрийнх нь эсүүдэд халддаггүйг тайлбарласан нээлтээрээ 2025 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.

Уг нээлт нь автоиммун өвчин, хорт хавдрыг эмчлэх шинэ боломжуудыг бий болгосон юм байна.

Нобелийн шагналтнуудыг тодруулсан Шведийн Каролинска Хүрээлэнгийн ревматологийн профессор Мари Варен Херлениус энэ жилийн шагналыг хүртсэн бүтээл нь “Төсөөлж болох бүх микробтой тэмцэхийн зэрэгцээ автоиммун өвчнөөс зайлсхийдэг дархлааны системээ бид хэрхэн хяналтдаа байлгадаг” болохыг нээсэн ач холбогдолтой гэж тайлбарлажээ.

Гурван эрдэмтэн 11 сая швед кроныг ($1.2 сая) хувааж авахаас гадна Шведийн хааны алтан медалийг зүүх юм.

Брункоу нь Сиэтл хотын Системийн Биологийн Хүрээлэнд хөтөлбөрийн ахлах менежэр, Рамсделл нь Сан Франциско хотын Sonoma Biotherapeutics компанийн үүсгэн байгуулагчдын нэг, шинжлэх ухааны зөвлөх, Сакагүчи нь Японы Осакагийн Их сургуулийн профессор ажээ.

“Тэдний нээлт нь судалгааны шинэ чиглэлийн үндэс суурийг тавьж, хорт хавдар, автоиммун өвчнийг эмчлэх шинэ аргуудыг хөгжүүлэхэд түлхэц болсон юм” гэж Нобелийн шагналын хороо тайлбарласан байна.

Гурван эрдэмтэн дархлааны системийг хүний өөрийнх нь биеийн эсрэг ажиллахаас хамгаалдаг Т эсийг илрүүлжээ.

Нобелийн шагналыг тэсрэх бодис зохион бүтээсэн Шведийн бизнесмэн Альфред Нобелийн гэрээслэлээр бий болгосон юм.

Уг гэрээслэлийн дагуу 1901 оноос хойш жил бүр шинжлэх ухаан, утга зохиол, энх тайвны салбарт амжилт гаргасан хүмүүсийг шагнаж эхэлжээ. Гэхдээ дэлхийн нэг ба хоёрдугаар дайны үеүдэд энэ уламжлал тасалдаж байсан гэдэг.

Эдийн засгийн салбарын шагналыг хожим Шведийн төв банк нэмэлтээр бий болгожээ.

Зөвхөн энх тайвны шагналыг Норвегийн нийслэл Ослод, бусад бүх шагналыг Шведийн нийслэл Стокхольм хотод гардуулдаг нь Альфред Нобелийг амьдарч байх үед улс төрийн хувьд энэ хоёр улс нэгдмэл байсантай холбоотой.

Шагналыг арванхоёрдугаар сарын 10-нд буюу Альфред Нобелийн нас барсан өдөр Швед, Норвегийн хаад язгууртнуудын оролцсон ёслолын арга хэмжээний үеэр гардуулдаг.

Даваа гарагт анагаах ухааны салбараас эхэлсэн 2025 оны шагналтнуудыг зарлах үйл ажиллагаа энэ долоо хоногийн турш үргэлжилнэ.

Эх сурвалж: Associated Press