Уур амьсгалын хямралын улмаас дүрвэсэн хүний тоо 2050 он гэхэд 1.2 тэрбумд хүрэхээр байна

Бидний амьдарч буй цэнхэр гарагийн уур амьсгал өөрчлөгдсөөр байна.
Дэлхийн өнцөг булан бүрд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр буй нь үүний нэг нотолгоо юм.
Хүний үйл ажиллагаатай холбоотой хэт халалтын 93 хувь нь далайд шингэдэг аж. Температур нэмэгдэхийн хэрээр далай тэнгис усаа ууршуулах нь нэмэгддэг. Тухайлбал температур цельсийн нэг градусаар нэмэгдэхэд усны уурын агууламж 7%-аар өсдөг байна. Ингэснээр гэнэтийн аадар бороо орох, үер буух, хөрсний гулсалт болох эрсдэл улам өсөж байгаа юм.
Түүнчлэн хэт халуун ба агаарын чийг өндөр байх нь хүн амьдрахад бэрх нөхцөлийг үүсгэж буй. Ерөнхийдөө уур амьсгал өөрчлөгдсөөр байгаа нь нөгөө талдаа хүний амьдрах чадвар, тэсвэр тэвчээрийг шалгасаар байна.
“Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ), Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас 2024 онд гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн асар их байна. Тэдний мэдээлснээр уур амьсгалын хямралын улмаас дүрвэсэн хүний тоо 2050 он гэхэд 1.2 тэрбумд хүрэхээр байгаа.
Би өмнө нь гамшигт үзэгдлийн жишээ татахдаа 10, 20 жилийн өмнө гэж ярьдаг байлаа. Харин одоо өнгөрсөн долоо хоног, сарын өмнө гэх мэтчилэн ярих болсон. Давтамж нь өссөөр байна. Сүүлийн 20 жилд эрс тэс цаг уураас үүдэлтэй гамшигт үзэгдлийн улмаас дэлхий даяар 3.54 их наяд ам.долларын хохирол учраад байна” хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Аль Гор илтгэлийнхээ үеэр онцолж байв.
Түүний үүсгэн байгуулсан The Climate Reality Project ашгийн бус байгууллага 2025 оны аравдугаар сарын 2-3-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Climate Reality Leadership Corps манлайллын сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Дэлхий даяар хэрэгжүүлж буй REALITY Tour аяны нэг хэсэг болсон энэхүү цуврал сургалт нь энэ жил Парис, Найроби, Рио-де-Жанейро зэрэг хотод зохион байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот дөрөв дэх зогсоол нь болж байна.
Тус байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, улмаар зогсоохын тулд системийн хүрээнд шийдэл олох зорилготой бөгөөд дэлхий даяар дөрвөн сая гаруй хүний гишүүнчлэлтэй болжээ. Бий болгосон энэхүү өргөн сүлжээгээрээ дамжуулан гишүүд нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээлэл, шинэ шийдлүүдийг хуваалцахын зэрэгцээ хоорондоо хамтран ажиллах гол талбар нь болжээ.
С.Оюун: “Carbon market”-ыг амжилттай ашиглахын тулд Монгол Улс эрхзүйн нөхцөлөө бүрдүүлэх ёстой
Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцааны захирал С.Оюун “Ногоон хөгжил руу явах нь дэлхийн хамгийн том зорилт болоод байна. Хэдийгээр геополитикийн нөлөөнөөс хамаарч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдийн санхүүжилт багассан ч уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан гарч буй уршиг ихээр нэмэгдсээр байгаа. Энэ том асуудал цаашид ч үргэлжилж, үр дагавар тэлсээр байх нь. Ноён Аль Горын хэлж буйгаар үүний эсрэг арга хэмжээгээ хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зоригоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Гамшгийн тоо сүүлийн 10 жилд асар өссөн.
Монгол Улс нүүрсээ яаж аль болох бага шатаах вэ гэдгээ бодох ёстой. Гэр хороололд улс болон олон улсын санхүүжилтээр ногоон технологийн барилга байгууламжийг олон барих вэ, дулаан алдагдлаа яаж багасгах вэ гээд олон жил ярьснаа ажил хэрэг болгох ёстой. Үүнд улс төрийн бодлогын, санхүүжилтийн дэмжлэг байх ёстой.
Парисын гэрээ байгуулагдаад 10 жил болж байна. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-д болсон хурал дээр улс орнууд цаашид хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн бууруулах вэ гэдэг амлалтаа өгсөн. Үүнд Монгол Улс амбицаа нэмэгдүүлсэн байсан. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа өөрсдөө 30 хувь бууруулна, олон улсын дэмжлэг тусламж авч чадвал 50-аас дээш хувь бууруулах амлалт өгсөн байсан.
Сүүлийн үед “Carbon market” үүсэн хөгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийн асуудал учраас томоохон эдийн засагтай улс орон, хувийн компаниуд хүлэмжийн хийн ялгарлыг зөвхөн дотооддоо бууруулна гэхээс гадна хөгжиж буй орнууддаа тусалдаг болсон. Энэ боломжийг ашиглахын тулд эрхзүйн нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Мөн хувийн хэвшлүүд хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж гэв.
Уур амьсгалын манлайлагчдад зориулсан сургалт өнөөдөр болон маргааш үргэлжилнэ.