Долларын ханш буурч евро, юань чангарчээ

Монголбанкнаас зарласан валютын ханш 2025 оны есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар ам.доллар 3593 төгрөг хүрчээ. Энэ нь өмнөх өдрүүдээс 0.70 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин Евро 19.67 хувиар өсч 4237 төгрөг хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ам.долларыг бэлнээр авах ханш арилжааны банкнуудад 3585 төгрөг байгаа бол зарах ханш 3613 төгрөг хүрсэн байна. Харин БНХАУ-ын юань 505 төгрөг хүрлээ. Энэ нь өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 0.46 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.
Монголбанкнаас зарласан валютын ханшийн мэдээллээр найман улсын гадаад валют буурсан бол 28 улсын гадаад валют 0.1-21 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, Японы иен 24.46, БНСУ-ын вон 2.60, ОХУ-ын рубль 43.40 төгрөг хүрсэн аж.
Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөц 2025 оны наймдугаар сарын байдлаар 5.6 тэрбум төгрөгийн нөөцтэй байгаа аж. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ам.долларын ханш тогтмол өсч эхлэхэд эдийн засагчдын зүгээс импортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь ам.долларын ханш өсөхөд голлон нөлөөлсөн гэж үзэж байна.
Мөн энэ жилийн инфляц 2025 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.8 хувь, Улаанбаатар хотод 9.8 хувьтай гарсан. Инфляц энэ оны хоёрдугаар сараас эхлэн мөнгө, санхүүгийн бодлогын төлөвийг шат дараатайгаар хатууруулсан нөлөөгөөр алгуур саарсан ч наймдугаар сард мах, хүнсний ногоо, гурилын үнэ харьцангуй өндөр байсан нь хүнсний инфляцыг өмнөх сараас нэмэгдүүллээ.
Цаашид инфляц алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох төсөөлөлтэй байна.
Гэвч, Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэж байсан.