Шведийн Эрүүл мэндийн сайд ажлын эхний өдрөө ухаан алдаж унав

2025-09-12 22:141min
shar

Шведийн шинэхэн Эрүүл мэндийн сайд Элисабет Ланн есдүгээр сарын 9-ний Мягмар гаригт хэвлэлийн бага хурлын үеэр ухаан алдаж унажээ. Энэ өдөр 48 настай Элисабет Ланны ажлын эхний өдөр байв.

Хэвлэлийн бага хурлын үеэр тайзан дээр Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон, Христийн ардчилсан намын дарга Эбба Буш, Эрүүл мэндийн сайд Элисабет Ланн нар сэтгүүлчдийн асуултад хариулж байжээ. Гэтэл Ланн гэнэтхэн индэр лүүгээ урагшаа унаж буй нь камерын бичлэгт харагдана. Түүнд анхны тусламж үзүүлсний дараа хэвлэлийн бага хуралдаа эргэн ирсэн бөгөөд цусан дахь сахарын хэмжээ буурсны улмаас ухаан алдсан гэж тайлбарлажээ.

Дашрамд дурдахад, Шведийн Эрүүл мэндийн сайд Ако Анкарберг Юханссон есдүгээр сарын 8-нд огцорч, Элисабет Ланн түүний албан үүргийг залгамжилсан билээ. Ланн өмнө нь Готенбургийн хотын зөвлөлийн гишүүн байсан бөгөөд Христийн ардчилсан намын гишүүн. Мөн тэрбээр энх тайван, хөгжил судлал, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE