Гэмт хэрэгтнүүд цагдааг “буруутгах” болжээ

Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үүрэг бол гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлүүлэх, таслан зогсоох, мөрдөж илрүүлэх, ингэхдээ шаардлагатай бол тусгай хэрэгсэл, зэвсэг техник ашиглан хүч хэрэглэн гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй, бас эрхтэй. Орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал өндөр байдаг.
Хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаа нарын хувьд өдөр тутамдаа хүн хоорондын маргаан, бэлчээр булаалдах явдал, архи дарснаас үүдсэн зөрчил, айл гэрийн хүчирхийллийг таслан зогсоох гэж үүрэг хүлээдэг.
Гэвч сүүлийн жилүүдэд нэг шинэ, түгшүүртэй үзэгдэл нэмэгджээ. Тэр нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн буруугаа хүлээхийн оронд эргээд цагдаагаа буруутгах хандлага.
Архи дарс уусан, уур омогтоо бухимдсан иргэд агсам согтуу тавьж, хутга мэс, буу шийдэмдээ тулах нь ч бий. Үүнийг нь таслан зогоохын тулд цагдаа багахан хүч хэрэглэх явцад, сэжигтний гар хөл хөхрөх, нүүр ам шалбарах тохиолдол цөөнгүй гарна. Өнөөх этгээд эргээд “би буруугүй, цагдаа надад хүч хэрэглэсэн, зодож гэмтээсэн” хэмээн гомдол өргөдөл гаргах, эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг нь илрэхээр цагдаа мөрдөгч нарт өсөрхөн “цагдаа надаас авлига нэхсэн, архи авхуулсан, хувийн ажлаа хийлгэсэн” гэх зэргээр гүтгэх нь элбэг болжээ.
XIII зууны үед бичигдсэн “Монголын нууц товчоо”-нд гардагчлан “Татаруудыг устгах төлөвлөгөөг мэдсэн тэд нэгэнт үхэх юм чинь дэр аваад үхье хэмээн хэлэлцсэн учир Чингис хааны цэргийн олон амь үрэгдсэн” тухай гардаг шиг нэгэнт гэмт хэрэг нь нотлогдож ял эдлэх юм чинь ялтнууд “Цагдааг гүтгээд ажил албанаас нь холдуулъя” хэмээн “зохион байгуулалттай” ажиллагаа явуулдаг болчихжээ.
Дээр нь сошиалаар “гэмт хэрэгтэн ч гэсэн эрхтэй”, “ сэжигтний эрхийг дээдэлье”, “эрүүдэн шүүхийн эсрэг ажиллагаа” зэрэг сүртэй уриа лоозон явж, хүний эрхийн хамгаалагч нэртэй попчдын харгайгаар иргэдийн дунд хүний эрхийн ойлголт буруугаар “ойлгогдон”, цагдаа мөрдөгч нарыг хүний эрхийг зөрчигчид юм шиг “харагдуулж”, улмаар хууль сахиулагчид хүний эрхийн зөрчил гаргагч мэт, “хууль сахиулагчийн үйл ажиллагаа болгоныг эргэлзээтэй” гэж иргэдэд ойлгуулахыг зорьдог байдал нь эргээд сэжигтэн, ялтнуудын хувьд цагдаа, мөрдөгчийг буруутгахад “сайхан өгөөш” болдог байна.
Иргэдийн амар тайван байдлыг хамгаалахын төлөө эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаагийн хувьд ингэж “буруутан” болох нь хамгийн том дарамт.
Гэвч тэд өргөсөн тангарагтаа, хууль дээдлэх, шударга ёсны зарчимдаа үнэнчээр ажиллаж ирсэн.
Ийм нөхцөл байдлаас шалтгаалж цагдаагийн алба хаагч зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэхийн зэрэгцээгээр өөрийнхөө нэр хүндийг хамгаалах, сэжигтэн, яллагдагчидтай “эелдэг найрсаг” хандах, иргэдэд ажлаа ойлгуулахын төлөө хичээх шаардлагатай болжээ. Энэ бол ганц нэг тохиолдлын асуудал бус цагдаагийн алба хаагчдын нийтлэг тулгамдсан асуудал болчихлоо.
Цагдаатай холбоотой гомдлыг харьяаллын дагуу АТГ шалгадаг. Ингэхдээ иргэн, сэжигтний гомдлыг гол болгож, цагдаагийн алба хаагчийн өргөдлийг нягтлан шалгахын оронд ажлаа хялбарчлан, прокурорт шилжүүлж, прокуроос хянан шалгахдаа хэтэрхий нэг талыг барьж, цагдаа мөрдөгч нарыг буруутган, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн болгож шүүхэд шилжүүлэн, албан тушаалтны хэрэг илрүүлсэн мэтээр статистик тоо болгох байдлаар орхигдуулж байна. Хэрэв бид гэмт хэрэгтнийг “өөрийгөө хамгаалахын тулд цагдааг буруутгадаг” үзэгдэлтэй эвлэрсээр байвал ирээдүйд хууль сахиулагчид өөрсдөө “гэмт хэрэгтэн” мэт ойлголтыг нийгэмд бий болгох аюултай.
Тиймээс байдлыг төр засаг, ЦЕГ-аас анхааралдаа авч үзэх цаг хэдийнээ болсон. Эс бөгөөс хэн дуртай нь төрийн цагдааг буруутгадаг, гүтгэдэг байдал газар авч иргэдийн цагдаа, мөрдөгч, хууль сахиулагчдад итгэх итгэл алдарч, цаашлаад төрийн төлөө тангараг өргөн ажиллаж байгаа цагдаа, хууль сахиулах албанд ажиллах залуучуудын зоригийг мохоож, сэтгэлийг нь алдагдуулж, албанаас гарах сэдлийг бий болгох эрсдэлд хүргэж нөхцөлийг үүсгэж байна.
Үргэлжлэл бий…
А.Галт
Ugluu.mn