Э.Даваахүү буудлагын ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2025-08-28 13:00
Screenshot 2025-08-28 111641

Казахстан Улсын Шымкет хотод буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) наймдугаар сарын 15-наас 30-ныг дуустал болж буй.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна.

Өнөөдөр тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ. Энэ дасгалд Ираны тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр Монголын баг тамирчид энэ жилийн тивийн аваргаас медаль хүртсэн 11 дэх улс болов. Одоогоор багийн дүнгээр БНХАУ-ын тамирчид 15 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж буй бол Энэтхэгийн мэргэн буучид нийт 23 медаль хүртсэнээс ес нь алт аж.

Харин Казахстан, Кувейт, Ираны баг хошой алт, БНСУ-ын тамирчид нэг алтан медаль хүртжээ.

Түүнчлэн Катар, Япон, Хятадын Тайпэй, Вьетнам Улс багадаа нэг медаль авсан юм.