Ерөнхий сайд Г.Занданшатар нүүр нүүрээ харж ярилцъя гээд ээ…

2025-08-26 11:30
zand

Гарчиг тавиад бодлоо. Хэт романтик ч юмуу… Гэхдээ яахав байж болох л гарчиг. Стенфордын улаан малгайтай цамц, улаан хөх цэцэрлэгийн гэрэл, эгц урдаас нь харж зогсоод асуултыг нь тэмдэглэх Монгол Улсын Ерөнхий сайд, асуулт асуухаар ээлж дараалан гараа өргөх залуус, хажуу булангаас уухай, дуу нэмэх “MongolZ”-ын фенүүдийн хашгираан үндсэндээ Улаанбаатарын залуусын нэг орой… Сошиалд хэн нэг нь “MongolZ”-ын тоглолттой давхцуулж Ерөнхий сайдын уулзалт зарладаг тэр мөн тэнэг хүн ээ” гэж бичсэн байсан ч яг 2025 оны наймдугаар сарын 25-ны “Рио парк“-д нэг оройг өнгөрүүлсэн залууст бол тийм хачин бол санагдахгүй байгаа харагдсан. Учир нь, ид тэрийг ч хийе, энийг ч бүтээе гэдэг насан дээрээ байгаа залуу үед “Монгол Улсын татварын орчны шинэчлэлт өөрчлөлт” маш чухал санагдаж байгаа юм байна гэдэг бодол уулзалтын эхэнд төрсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар “Түрүүлж ирээд суучихаж” гэдэг ганц нэг жиргээ, пост харсан ч Ерөнхий сайдаас ч урьтаж ирсэн залуус олон байсан болохоор тэр.

Залуусын салхийг хагалж, мэдээллийн технологийн чиглэлийн бизнес эрхлэгч Н.Пүрэвдорж гэж залуу Монгол болон Казахстаны бизнесийн орчны талаар танилцуулсан. Ердөө л гуравхан жилийн дотор туршлага судлах загвар руу шилжиж байсан Казахстан улс өнөөдөр өөрийн орны ЦАХИУРЫН ХӨНДИЙ-г байгуулаад зогсохгүй ашиг орлогоороо АПУ-тай тэнцэхүйц бизнесийг бий болгож чадсан байна. Ингэхдээ энэ чиглэлийн бизнес эрхлэгч залуучуудынхаа татварыг тэглэж, олон улс руу гарах замыг нь хар бор ухаанд нь үлдээх бус төр нь хөтлөөд нээдэг болсон байгаа юм. Харин манай улсын хувьд Мэдээллийн технологийн тухай хуулийг өнгөрсөн онд баталсан ч хэрэгжүүлэх шатандаа ор тас гацчихсан байдалтай байгаа. “Яагаад” гэдэг асуултын хариулт тодорхойгүй байгаа тул Н.Пүрэвдорж болон үеийнх нь залуус Ерөнхий сайд Г.Занданшатараас хариулт нэхэж, Ерөнхий сайд “Татварын тухай багц хуулийн шинэчлэлд нэг мөр тусгая” гэдэг хариулт өгсөн.

Энд Н.Пүрэвдорж болон бусад залуусын хэлсэн үг, асуултаас нэг зүйлийг онцлоход тэдний хэн нь ч “Ажлын байр байхгүй байна. Амьдрал хэцүү байна” гэж гомдоллоогүй. Гагцхүү “Би хөдөөнөөс ирсэн залуу байна. Сая уулзалт болохыг дуулаад ирлээ. Малчин залуусын өмнөөс хэлэхэд Малын хөлийн татварыг шинэчлэх хэрэгтэй байна. Татварын зарцуулалтын тайланг ил тод болгомоор байна. Тэгвэл татвар төлөхгүй гэх юм алга. Халаагуурын үйлдвэрлэл нээгээд ажиллаж байна. Түүхий эдийн бодлогыг татвараар дэмжих хэрэгтэй байна. Тендерт дан ганц хувийн хэвшил гэхээс илүүтэй олон нийтийн компанийг оролцох журмыг бий болгомоор байна. Үгүй бол хэт монополь байдлыг хөөрөгдөөд байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнес зэргийн тодорхойлолт, зах зээлийн үнэлэмжийг бодитоор харж үзмээр байна” гэлцсэн. Товчхондоо тэд “Хийе л дээ. Бүтээе л дээ. Дан ганц төр татварын бодлогоо шинэчил. Гэхдээ зөв шинэчил. Мөн татварын мөнгөний зарлагын мэдээллийг ил тод болго” гэдэг шаардлага л тавьж байсан. Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд “Татварын реформ хийнэ. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ. Үндэсний баялгийн санг хэрэгжүүлнэ. Оюун ухаан, мэдлэг боловсролд тулгуурласан шинэ санаа, шинэ бизнесийг тултал дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн…

Энэ дунд “Ерөнхий сайдтайгаа ямар ч цензургүй ингээд нүүр нүүрээ хараад ярилцчих их зүгээр байдаг юм байна. Хойшдоо энэ нээлттэй байдлаа битгий алдаарай” гэсэн цөөнгүй сэтгэгдэл, даалгаврыг залуус өгсөнд гүйцэтгэх засаглалын тэргүүн ч “За” л гэж байгаа дуулдана лээ. “Манай Монгол залуус маш мундаг байна. Монгол оюун ухаан сэргэж байгаа юм шиг санагдаж байна. MongolZ маань дэлхийн цахим спортыг тэргүүлж байна. Өнөө орой ер нь л аварга болчих болов уу. Сагсан бөмбөгийн охид маань дэлхийн аварга боллоо. Манай шатрын залуус, хүүхдүүд байна. Дэлхийн цомоос И.Цэлмүүн маань медаль хүртлээ. Урамтай, гэрэлтэй байна. Миний хувьд энэ бүхнийг Монголоо дахин агуутгах шинэ итгэл асаж байна гэж харж байгаа. Оюун ухаанаараа Монголоо дахин агуутгая” гэснээр уулзалт өндөрлөж, их удалгүй “MongolZ” аваргын цомоо гардснаар Улаанбаатарын нэгэн орой өндөрлөсөөн… Төгсгөлд бяцхан тайлбар хийхэд “MONGOLZ”-ийн ялалтад Ерөнхий сайдын оролцоо өчүүхэн атугай байхгүй ч урам зоригоор сүлэх залуусын идэвх сэргэсэнтэй бол маргах аргагүй юм. Тэр итгэл нь улсаа сэрээхэд тустай дэмтэй гэдгийг Ерөнхий сайдын нүүр тулсан оройн ярилцлагад оролцсон залуус маш тод илэрхийлсэн шүү.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин