А.Ербол: Таван шарын нүхэн гарцын замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 3-наас өмнө нээхээр ажиллаж байна

2025-08-25 16:00
tulljo_MPA_0044_x974

БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр замын доогуур нүхэн гарц барих ажлыг 2023 оны наймдугаар сард эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулж байв. Гэвч уг гарцын хойд хэсгийн авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-нд хааснаас хойш иргэд 2-3 цаг түгжирч буйг хэлж байна.

Нэг жилийн өмнө ашиглалтад орсон нүхэн гарцад ямар засвар хийж байгаа болон санхүүжилт, ажлын явцын талаар Нэгдсэн төслийн удирдлагын газрын авто зам, замын байгууламжийн менежер А.Ерболоос тодруулахад “Таван шарын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугамын зарим холболтыг хийх, нүхэн гарцын хойд талын 50 метр авто замын асфальт бетон хучилтыг гүйцэтгэж байгаа юм.

Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК-аас эдгээр ажлыг гүйцэтгэх төсөв гарч байгаа. Монголын талаас зардал гараагүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч компани дутуу ажлуудаа 100% гүйцээж байна.

Ногоон байгууламжийн тохижилтыг гүйцэтгэж дууссан.

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг есдүгээр сарын 3-нд нээх төлөвлөгөөтэй ч хугацаанаас өмнө нээхээр ажиллаж байна” хэмээв.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас Таван шарын нүхэн гарцын замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 3-нд нээнэ гэж мэдээлсэн юм.

Тус нүхэн гарц нь хоногт 32,000 автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай байна.