ТҮЦ эрхлэгчид: Бид олон өмгөөлөгчидтэй холбогдсон ч төрийн байгууллага тэр тусмаа Х.Нямбаатартай орооцолдохгүй гэсэн

ТҮЦ эрхлэгчид холбогдох албадын төлөөллийг урьж “Хүчирхийллээр бус хэлэлцэж шийдье” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
ТҮЦ эрхлэгчид төрийн байгууллагуудад ТҮЦ-ийг хурааж буй асуудлаар нийтдээ 331 өргөдөл өгөхөд 17 буюу ердөө 5.1 хувьд нь хариу өгчээ. Мөн цагдаад 200 гаруй удаа дуудлага мэдээлэл өгөхөд хариу шийдвэрлэлт нь 0 хувьтай буюу гомдлыг нь шийдвэрлээгүй байна.
Шүүхэд дөрвөн нэхэмжлэл өгсөн ч хариу байхгүй байгаа аж. Хэвлэлд удаа дараа хандсан ч тэнцвэртэй мэдээлэл өгөхгүй байна гэв. Түүнчлэн ТҮЦ эрхлэгчид маш олон өмгөөлөгчид хандсан ч төрийн байгууллага тэр тусмаа хотын дарга Х.Нямбаатартай орооцолдохгүй гээд нэг нь ч авч хэлэлцээгүй гэдгийг ТҮЦ нэгдсэн холбооноос мэдээллээ.
Х.Нямбаатар ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй гэж ярьж байгаа ч өөрөө 2025 оны гуравдугаар сарын 18-нд нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагагүй мэдэгдэхэд хангалттай гэсэн байдаг гэв.
ТҮЦ түүхэн үүргээ гүйцэтгэж дууссан эсэх талаар ТҮЦ эрхлэгчид хамгийн багаар дундажлаж дараах тооцоог хийжээ.
Нэг ТҮЦ-ээр өдөрт 3,000 хүн үйлчлүүлж 10,000 төгрөгийн худалдан авалт хийдэг 1,000 ТҮЦ-ээр бодоход өдөрт 3 тэрбум төгрөг эргэлдэж байна. Банкны ПОС машинаар өдөрт 15 сая төгрөгийн шимтгэл төлж байна. Энэ мэтчилэн ямар ч судалгаагүй хийгээгүй байж зөвхөн хотын даргын өнгө үзэмжээр олон бизнес эрхлэгчид хохирч байна гэв.