Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг Унгарт зохион байгуулна

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, далай даян, даяар дуурьсагдах дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит, үндэсний бөхийн барилдааныг Унгар улсын Будапешт хотноо ирэх аравдугаар сарын 4-5-нд зохион байгуулах нь. Тус тэмцээнийг өсвөрийн болон насанд хүрэгчдийн, 3х3 багийн халз барилдаан гэсэн гурван төрлөөр явуулах аж. Тэмцээнд оролцогчдыг ирэх сарын 1-30-нд цахимаар бүртгэх юм. Европын аварга шалгаруулах энэхүү үндэсний бөхийн барилдааныг дархан аварга Ж.Мөнхбат агсны алдар гавьяаг мөнхжүүлэх болон гадаадад оршин суугаа хүүхэд, залуучууд, хойч үеийнхэндээ өв соёлоо уламжлуулан үлдээх зорилгоор зохион байгуулж буй гэнэ. Мөн ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн, Монголын үндэсний бөхийн барилдааныг олон улсад сурталчлан таниулах, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.