Нийслэлийн хэмжээнд 43 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно

2025-08-06 10:04
99l7tqak

Нийслэлийн боловсролын салбарт нийт 1000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, 40 мянга гаруй багш ажилчид ажиллаж байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн 488 барилгын объект байгаагаас 70 орчим хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттайг албаныхан мэдээлсэн. Иймд хуучны сургууль, цэцэрлэгийн барилгуудад их засварын ажлыг хуулиараа нийслэл бүрэн хариуцдаг. Барилгын насжилт өндөр 177 сургууль байгаа бөгөөд их засварыг 53 сургуульд хийж байна. Харин зарим сургуулийн их засварын ажил өнөөдрийн байдлаар дуусч ашиглалтад ороход бэлэн болжээ.

Нийслэлийн сургуулиудын хүрээнд хийгдсэн засвар үйлчилгээний ажлыг наймдугаар сарын 25-ны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Түүнчлэн нийслэл, 21 аймгийн хэмжээнд хийгдэх цэцэрлэг, сургуулийн урсгал засварыг тухайн боловсролын байгууллага хариуцан гүйцэтгэх ёстой талаар албаныхан мэдээлсэн юм.

Хотын захын дүүргүүд болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу дүүрэг, хороодод шинээр бүтээн байгуулалт хийж, ачааллыг эн тэнцүү байлгах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 43 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор болов.  Энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засварын ажилд 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд санхүүжилтийг дүүргийн төсөв, нийслэлийн төсвөөр гүйцэтгэж байна.

Тухайлбал, төвийн зургаан дүүрэг болон алслагдсан дүүргийн их засварын ажлын явц 65 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна.

Үүнээс гадна сургалтын орчинд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдалтай холбоотой газар чөлөөлөлт, зам, дэд бүтэц, камержуулалт зэрэг олон ажлуудыг шинээр шийдвэрлэх, сайжруулахаар ажиллахаар болжээ. Тиймээс зарим дүүрэгт сургуулийн насны хүүхэд, цэцэрлэгийн насны хүүхдийн тоон мэдээлэлд үндэслэн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Харин Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалж гаргасан байдаг.