Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Говь-Алтайаймгийн Есөн булаг сумд уржигдар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Бугат сумд очиж, тарваганы мах идсэн иргэн Есөнбулагт ирсний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд уг өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шинжилгээний сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээж, Бугат болон Есөнбулаг сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан, өнөөдрийн 17.00 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо.
Энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн газрынхнаас лавлахад “Есөнбулаг сумын иргэн Бугатад очиж тарваганы мах идсэн. Үүний дараа тухайн хүний биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн, хүндрэл гараагүй. Бид шинжилгээний сорьцыг хот руу илгээсэн. Хариу нь 72 цагийн дараа гарна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц халдварт өвчин. Өвчилсөн амьтанд хазуулах, арьс, маханд нь хүрэх, тарваганы махыг түүхий, шүүрхийгээр нь идэх үед халдвар дамжих эрсдэлтэй. Мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварладаг. Халдвар авсан үед гэнэт өндөр халуурах, чичрэх, булчирхай томрох, цээжээр өвдөж, цустай цэр гарч, ханиалгаж, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.